REVOL MUSIC RECORDS

Wednesday, May 06, 2009

Шилдэг илтгэл Монголын Лектор төвийн тэргүүн, Улс төр судлаач, Цэндийн Баатархүү


Удирдтгал

Монгол Улсын ирээдүйн хөгжил, залуусын эх орноо авч явах чадварт юу хэрэгтэй вэ гэдэг асуултад хүн бүр хариулах цаг иржээ. Эх орон хаашаа явж, эх орон хаа хүртлээ хөгжих вэ гэдгээс илүүтэй шинэ үеийн зөв төлөвшлийг бид нэгтгэх, хамгаалах цаг болсон байна. Цаг нь иржээ хэмээн илтгэхийн учир нь цаг нь ирсэнд байгаа юм. Цаг хугацааны түүхэн шалгуур хийгээд улс орны олон зуун жилийн түүх, орчин цагийн шинэ дэлхийн шинэ иргэн байх шалгуур нь бидэнд эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдэл гэсэн “Таван-Э”-г эрхэмлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Магадгүй олон хүн “Тэгээд яаж энэ зарчмыг чинь эрхэмлэх юм бэ. Ямар хэрэгтэй юм” гэж асууж, бас “Ийм зүйл хэрэггүй” гэж эсэргүүцэж ч болно. Иймд энэ асуултын хариуг энэхүү илтгэлээрээ дамжуулан та бүхэнд хүргэх гэж байна. Миний үзэл хэн нэгний үзэл бодлыг өөрчилж болно, аль эсвэл хэн нэгний бодол санаатай зөрчилдөж ч болно. Гол нь авах гээхийн ухаанаар мэргэн оюундаа өчүүхэн багаар ч болов тунгаан бодно гэдэгт найдаж байна. Тэгээд ч үг хэлсэн хүнийг эсэргүүцэх бус энэ хүн юу хэлээд байна вэ гэдгийг тунгаан бодож, авах гээхийн ухаанаар хандах нь эрүүл саруул сэтгэлгээний нэг шинж билээ.

Эрүүл сэтгэлгээ.

Өнөөдөр хүн бүр эрх мэдэлтэй нь биш эрүүл саруулаар сэтгэдэг хүн улс оронд алс хэтдээ хэрэгтэй гэдгийг хэлдэг, мөн хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэхүү үнэт зүйлийг бий болгоно гэсээр та бид ардаа 18 жилийг орхисон байна. Харин та бодит үр дүнг олж харж байна уу. Энэ асуултад эрүүл сэтгэлгээтэй хүн хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй хариулж чаддаг шигээ хүн бүр хэзээ ч сэтгэл хангалуун хариулт өгч чадахгүй ээ. Хүн төрөлхтөний түүхээс онцолж үнэлэхүйц тодорхой зүйл нь сэтгэх эрх чөлөөг бий болгож, оюун ухааныг үнэлж чадсан улс орон хөгжсөн гэдгийг бидэнд баталдаг. Энэхүү баталгаа нь монголчуудыг ч тэдний зарчмаас ангид байх боломжгүй гэдгийг баталж байна. Нэг ёсны хөгжлийн эх үндэс бол хүний эрүүл сэтгэлгээ юм. Хүний уураг тархи бол хүн төрлөхтөний хөгжлийн загвар юм.

Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө олохоос эхэлдэг. Сүүлийн үед нийгэмд өөрийнхөөрөө байх, өөрийгөө олох, өөрийгөө танин мэдэх тухай асуудал маш ихээр яригдаж олны анхаарлыг татаж байна. Шнжлэх ухаан болоод, философийн аль аль нь “Хүн төрөлхтөн өөрөөсөө бусад бүх зүйлийг хангалттай судалсан боловч өөрийгөө судлалгүй үлдээжээ. Тиймээс хүн төрөлхтөний танин мэдэхүйн оргил нь хүн өөрөө өөрийгөө таних явдал юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрийгөө олох алхам нь хаанаас ирснээ, хаашаа явж байгаа, одоо Зарим хүмүүс аливаад нэг бол үнэн эсвэл худлаа гэсэн утгаар нь хандаж хоёр туйлд хуваагддаг. Уг нь бол хатуу логик ухаанд ч шийдэж болдоггүй үнэн худал гэж байдаг. “Дараахи өгүүлбэр бол үнэн. Харин дээрхи өгүүлбэр бол худал” гэсэн Гёделийн теором байдгийг уншигч та санаж байгаа байх. Ингэж хоёрхон хэмжээст сэтгэнэ гэдэг тун хангалтгүй үзүүлэлт. Учир нь, бид хамгийн энгийн бодлогыг хоёр хэмжээст координатын систем дээр боддог. Энэ бол ердөө л эхлэл. Харин дараа нь бид гуравдах хэмжээст координатын систем дээр бодлого боддог бөгөөд гурван цэгээ холбож дүрс үүсгэдэг. Ингэж дүрсийн хэмжээнд сэтгэнэ гэдэг бол сэтгэлгээ хэвийн болж байна гэсэн үг. Амьдрал гэдэг бол маш олон хэмжээст учир дараа дараагийн цаг хугацаа, энергийн төвшинд сэтгэх тухай асуудал гарч ирэх бөгөөд бид энэ төвшиний сэтгэлгээтэй болох гэж л тэмүүлж байгаа хүмүүс. Энэ бол орчин цагийн шинэ иргэний шалгуур юм.

Эерэг сэтгэлгээ бол эрүүл сэтгэлгээний түлш нь байдаг. Бүхий л зүйлийг хараар будаж эхэлж байгаа бол түүний амьдрал тэр чигээрээ хар бараан болохын дохио. Ингэснээр эрүүл сэтгэлгээ, итгэл найвар алга болж байгаа хэрэг. Хүмүүс хар бараанд биш гэрэл гэгээнд дуртай байдаг нь хүний төрөлхийн мөн чанар юм. Нэгэн дасгалжуулагч өндрийн харайлтын тамирчиндаа “Хөндлөвч дээгүүр эхлээд сэтгэлээ давуулж шид. Дараа нь бие чинь аяндаа гарах болно” захиж хэлсэн шиг гэгээлэг бодол эерэг хандлаг, итгэл найдвар бүхэн амьдралыг чиглүүлдэг хүч нь байдаг. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн эхний зарчим бол яах аргагүй эрүүл сэтгэлгээ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эрдэм боловсрол.

Боловсрол бол хүний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр, хүний хөгжил бол улс орны хөгжлийн амин зүрх. Хүний хөгжил мэдлэгийн өөрчлөлт, ур чадварын өөрчлөлт, хандлагын өөрчлөлт гэсэн гурван чухал зүйлийн шүтэлцээгээр өөрийн төрхөө олдог. Иймээс эрдэм боловсролын үндэс суурь бол мэдлэг. Гэхдээ тэр мэдлэг нь хэрэглээ болох чадвартай байх ёстой. Та бид хоол хүнсэндээ анхаардаг шигээ тархиныхаа хоол хүнсэнд анхаарч, хаана ямар газар боловсрол эзэмшихээ сонголт хийдэг болсон. Энэ нь өндөр боловсрол, сайхан амьдрал шууд хамааралтай гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг.

Та эргэн тойрныхоо залуусыг хар. Тэд өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхгүй бол, өндөр боловсрол эзэмшихгүй бол, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байж чадахгүй бол сайн сайхан амьдрал амар замаар олдохгүй гэдгийг ухаарч мэдлэгийг олж авахын төлөө ихэнхи цагаа зарцуулж байгаа нь танд анзаарагдахгүй өнгөрөөгүй гэдэгт найдаж байна. Харамсалтай нь, тэд хэрэглээнд оруулах чадвараа өөрчилж чадахгүйд гол учир шалтгаан нь байгаа юм. Иймээс бид мэддэг мэддэггүйн, чаддаг юм шиг атлаа чадахгүйн солбилцол дээр байна. Тэрхүү солбилцол хаашаа ч эргэж болох учраас өнөөдрөөс эхлэн бүгдээрээ мэдлэг бол хүч, гэхдээ хүчийг ашиглах, хэрэглэх арга ухаан бол ур чадварыг эзэмшүүлэхийн тулд, хамтдаа эзэмшихийн тулд анхаарцгая. Ерөөсөө боловсрол бол эцсийн дүндээ зөв сонголт хийх ур чадвар. Үргэлж салаалж мөчирлөсөн сонголтыг санал болгодог амьдралаас сонголт хийх нь амархан мэт боловч сонголтын цаана алдаа оноо, үнэн худал, амжилт уналтын дэнс нуугдаж байдаг. Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт нь зөвхөн мэдлэг олгоход анхаарч буйгаас бус хэрэглэгдэх мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэгт ахиц гаргаж чадахгүй байна. Үүнийг буюу шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх гэх мэт бодит амьдралд өрсөлдөх чадвартай шинэ хүнийг бэлтгэх хэрэгтэй гэдгийг салбарынх нь эрдэмтэд, олон судлаачид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх болсонд бас нэг давуу тал бий гэдгийг онцлохгүй байхын аргагүй ээ.

Энэ нь боловсрол ганцхан оюунд хамаатай ойлголт биш, харин хүнийг бүтээдэг бие, сэтгэл, оюун гуравт гурвууланд нь хамаатай ерөнхий ойлголт болохыг энэ бүхэн баталж байна. Бие бялдрын боловсрол бол эрүүл чийрэг байдал, оюуны боловсрол бол олон талын мэдлэг чадвар, сэтгэлийн боловсрол бол хүмүүжил болж өгдөг.

Хэрэв хүнийг ургамалтай зүйрлэх юм бол эрүүл сэтгэлгээ хөрс нь, эрдэм боловсрол бордоо нь юм. Эцсийн дүндээ өндөр боловсрол эзэмшсэн хүн бүр сайхан цэцэг болж ургахгүй хогийн ургамал болчихоод байгаа учраас чадварлаг хүн бүтээх гээд, сайн, эрхэм суртанхуунлаг хүнийг төлөвшүүлэх талыг орхигдуулсанд гол учир нь байна. Тэгэхээр цаашид бид эрдэм, боловсрлыг зөвхөн диплом дээрх дүнгээр бус амьдрах чадвар, өрсөлдөх чадвар, ургах чадвараар нь дүгнэх цаг болжээ. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн хоёр дахь зарчим бол яах аргагүй хэрэгдэгдэх эрдэм мэдлэг гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эрхэм суртахуун.

Харин дараагийн зарчим бол эрхэм суртахуун. Хакер залуусыг хэн ч програмчлалын чадваргүй, боловсролгүй гэж хэлэхгүй. Харамсалтай нь, тэд хүний ёсонд үл нийцэх олох вирус хийж, бусдын хөдөлмөрийн үр шимийг устгасан жишээ олон бий. Ингэж боловсролтой, мэдлэгтэй хүний ажлын амжилтыг боловсролтой хүн баллаж байгаа нь тэдний боловсролд эрхэм суртахуун дутсны илрэл юм.

Эндээс эрхэм суртахуун гэдэг бол өөрт болон өрөөлд хэрэгтэй зөв зүйлсийг эрхэмлэж яв гэсэн гэж ойлгож болно. Суртахуун гэдэг үг нь “сур” гэдэг үгнээс гаралтай бөгөөд сурснаа өөрийн амьдралдаа удирдлага болгон хэвшүүл гэсэн санаа бөгөөд энэ хоёр нийлээд хүний сайхан эрхэм чанаруудыг заншил болго гэж байгаа юм. Заншил гэдэг нь “зан” гэдэг үгнээс гаралтай бөгөөд эрхэм сайхан чанарыг амьдралд заншуулах, дадал зуршил болгох тухай ойлголт юм.

Иймд нийгмийн харилцаанд та бид оюун санааны хууль болох эрхэм суртахууныг дагуулах хэрэгтэй. Эрхэм суртахуун бол зөв буруу, сайн мууг, сайхан муухайг ялгаж өөрийн амид төрөлдөө хэм хэмжээг баримтлах ухаан. Илүүдсэн бүхэн зовлон, таарсан бүхэн жаргал, дутсан бүхэн хөгжил рүү тэмүүлэх хүч болдог хэмээх эртний сайхан үг өнөө цагт ч тун хэрэгтэй.

Тэгэхээр эрхэм суртахуун гэдэг бол хүнийг зөв бөгөөд сайн сайхан болгодог, хүний эрхэм чанар болсон хэм хэмжээг эрхэмлэ гэсэн үг юм. Ингэснээр залуучууд маань эрүүл чийрэг бие цогцостой, олон талын мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, эелдэг зөөлөн харьцаатай болж зөв бөгөөд сайн сайхны цогцлол болж чадна. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх гурав дахь зарчим бол яах аргагүй эрхэм суртахуун гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эх оронч үзэл.

Эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун хүнийг жинхэнэ хүн төлөвшүүлэх шат болдог бол үүн дээр нэмэх ёстой зүйлшгүй нэг эрхэм чанар бол эх оронч үзэл: Хүн бүр ямар нэгэн зүйлийг хайрлах, хайрласнаа өмчлөх, төрөлхийн сэдэлтэй байдаг тул бүгд төрсөн нутаг усаараа бахардаг. Эх орон гэдэг бол төрж өссөн нутаг бол эх оронч үзэл гэдэг зүрх сэтгэлд нь тээгдэж явдаг үзэл санаа юм. Гэхдээ эх оронч үзэл эрүүл саруул сэтгэлгээтэй хамт байж илүү бүтээлч, чин сэтгэлийнх байж чаддаг. Эх оронч үзэл эрүүл саруул сэтгэлгээ дутахаараа үндсэрхэг үзэл болдог. Бас багадхаараа бахархал байхгүй болдог. Тиймээс эх орноо, эх орныхоо газар шороо, хөрс, байгаль, экологи төдийгүй өвөг дээдсийн эрдэм ухааны уламжлал, ёс заншил, хөгжил дэвшил гэх мэт тэр бүх үнэт зүйлийг Монгол хэмээх өвөрмөц онцлогтойгоор нь бүрэн бүтэн өвлөн авч, хойч үед мөн бүрэн бүтнээр нь өвлүүлж, өртөөлөн дамжуулах нь та бидний үүрэг. Энэ бол бол жинхэнэ эх оронч үзэл юм. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн дөрөв дэхь зарчим бол яах аргагүй хэрэгдэгдэх эх оронч үзэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эв нэгдэл.

Хэдийгээр олон хүн бие даасан байдлаа эрхэмлэдэг ч хүн төрсөн л бол бусадтай хамааралтай байдаг нь хүний нийгмийн хууль юм. Амьдралын мөн чанар угтаа хамтдаа байхад оршдог. Монголчуудад эвтэй байж ихийг бүтээсэн, эв нэгдэлгүйгээс болж унаж доройтсон түүхийн аль аль нь бий. Монголчуудын оюун санааны нэгдэл нь эх оронч үзлээр эхлэж, монгол бахархлаар бадарч, дэлхийн үзлээр түгэж байсан гэдэг.

Эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй энэ цаг үед зөвхөн “Би, Би” гээд эсвэл зөвхөн “Монгол, Монгол” гэж гөжөөд байх боломжгүй. Бусдыг сайн талыг олж харах, хүлээн зөвшөөрч сурахаас эв нэгдэл эхэлдэг. Олны дунд олонтой байх шиг сайхан зүйл үгүй гэсэн өвөг дээдсийн үг байдаг. Үүн шиг хүн хүнтэйгээ эвтэй байж бид өөр хоорондоо нэгдэнэ. Эв гэдэг бол бусдыг таних, бусдыг олж харах боломж бөгөөд ингэснээр бусадтай нэгдэн нийлж ихийг бүтээх боломжтой болно. Үгүй ядах нь ээ л, үүнийг эх оронч үзлийг эх үндэс нь болгон тайлбарлавал, бид эв нэгдэлтэй байсан цагт эх орноо хамгаалж чадна. Бид бие биенээсээ олон зүйлээр ялгаатай байдаг бөгөөд энэ хамтдаа байхад харшилдаг шалтаг шалтгаан нь болдог. Зарим хүмүүс бүх хүнийг өөртэйгээ адил гэж боддог байхад нэг хэсэг нь зөвхөн минийхээр явах хэрэгтэй гэж тулгадаг. Гэвч эцсийн дүндээ эвлэрнэ гэдэг бол ойлголцоно, итгэлцэнэ, хамтрана гэсэн үг юм. Тэгээд ч “Ганц хүн айл болдоггүй. Ганц мод гал болдогггүй” хэмээн бид хэлэлцдэг. Өнөөдрийн нийгэм ч бидэнд ганцаараа хэн юуг ч бүтээж үл чадах тул өөр хоорондоо хоршиж ажилладаг. Аливаа үндэстний болоод байгууллагын хувьд ч эвлэрэл оюун санааны эв нэгдэл дээр, оюун санааны эв нэгдэл нь бахархал, үнэт зүйлс, итгэлцэл дээр оршин тогтнодог билээ. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх тав дахь зарчим бол яах аргагүй эв нэгдэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Дүгнэлт

Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө таниж, зүг чигээ тодорхойлох ухаан, эрдэм боловсрол бол алс холын замыг туулах хүч чадал ур чадварыг өгдөг, эрхэм суртахуун нь юу сайн, юу нь муу гэсэн хэм хэмжээг хүнд өгдөг бөгөөд энэ эрхэм чанаруудыг эзэмшснээр та хүн шиг хүн болно. Үүний дараа эх орноо бодох таны бодол өөрийг тань жинхэнэ монгол хүн болгож, бусдын сайн талыг олж харах чадвар эв нэгдлийг бий болгож тэр цагт та дэлхийн хүмүүн болно. Үүнд би хувьдаа итгэлтэй байна. Үүнд хүн бүрийг итгэлтэй байгаа гэдэгт илүү их итгэлтэй байна.

www.lector.mn

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа