Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш…
Монголд диплом өвөртөлсөн хүний тоо хангалттай их ч гэсэн чанар нь ямар билээ гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа. Мэдлэгийн чанар нь шууд бодит байдал болон хувирч чадах эсэхээр хэмжигдэнэ. Одоог хүртэл Монголын мэдлэг онолын шинжтэй, улс орон олон түмний бодит хэрэгцээтэй нягт уялдаж чадаагүй, амьдралаас хөндий, цөөн тооны хүмүүсийн нэр төр, орлогын эх үүсвэр төдийгөөс цааш хэтрэхгүй байна. Энэхүү үнэн бол үндсэндээ өнгөрсөн үеийн нийгмийн байгууллын системийн үлдэгдлээс урган гарсан зүйл.
Шинэ эринд нийгмийн баялгийг арвижуулахад үйлдвэрлэгдсэн болон үйлдвэрлэгдээгүй материалыг ашиглах хөдөлмөрийн эрчмээс мэдлэг илүү ач холбогдолтой болж байгааг бүх хошуучлагчид хүлээн зөвшөөрч байгаа. Инватикийн эрин эхэлж буй өнөө үед мэдлэг хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болж байна. Шинэ санаа нээлтийг шууд эд баялаг , үйлчилгээ болгон хувиргах чадамжийг инватикийн потенциал гэж тодорхойлж болно.
Мэдлэгт тулгуурласан эдийн засаг улс орон, бүс нутаг нийт хүн төрөлхтний хөгжлийн үндэс гэж үздэг болсон. Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг өнөөдөр хоёр янзаар авч үзэж байна. Нэг нь мэдээлэл, судалгааны материалыг ашиглан эдийн засгийн хөгжлийн хандлагыг тооцсоны үндсэн дээр таамаглалын загвар боловсруулах явдлыг хэлнэ гэж тодорхойлж байна. Нөгөө нь эдийн засгийн ирээдүйг урьдчилан төсөөлсөн улс төрийн бодлогын чиг хандлага гэсэн утгаар ойлгож байна. Энэ хоёр урсгал хоорондоо нягт уялдаатай, харилцан бие биенээ нөхөж байгаа. Нэг нь энэ асуудалд логик илэрхийлэл, арга зүйн талаас нь хандсан бол нөгөө нь улс төрийн талаас хандсан хэрэг юм.
Даяаршсан , ширүүн өрсөлдөөний нөхцөлд эдийн засгаа мэдлэгт тулгуурлан хөгжүүлж чадсан тэр улс орон өнөөдөр хөгжилтэй буюу хөгжиж байгаа улс орон гэх ангиллын алинд хамаарч байгаагаас үл шалтгаалан хошуучлагчийн эгнээнд найдвартай элсэн орох болно.
Жижиг буурай улс орнууд тухайн үеийн материаллаг баялаг, газар зүйн байршил зэргээс шалтгаалан аж үйлдвэрийн үр шимийг хүртэж чадалгүй үлдсэн бол одоо мэдлэгт тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж чадвал богино хугацаанд тэргүүн байр сууринд хүрч болох эрин үе нэгэнт эхлээд байна.
Манай орон далайд гарцгүй, олон улсын худалдааны төвөөс алслагдсан жижиг буурай орон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш. Ердөө л арвин хэрэгцээ, чинээлэг амьдрал, бас нөөцийн хязгаарлалт.
Хүний хөгжил хэрэглээндээ биш, бүтээх чадвараар хэмжигддэг. Бүтээх чадвар биеийн болон оюуны хөдөлмөрийн хувьд бас нэг нэгнээсээ ялгагдах онцлогтой. Хорьдугаар зуунд үндсэндээ биеийн хөдөлмөр зонхилж байв. Гэтэл шинэ зууныг биеийн хөдөлмөрийн элементийг агуулсан оюуны хөдөлмөрийн зуун буюу инвацийн зуун гэж тодорхойлох болжээ.
Оюуны хөдөлмөр бол жинхэнэ чөлөөт хөдөлмөр . Иймээс оюуны хөдөлмөр эрхлэгчид өөрөө өөрийнхөө менежер байдаг онцлогтой.
Монголд өнөөдөр үндэсний инвацийн системийн эхлэлийг зөв тавьж цаг хожин тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Улс төр, бизнесийн хүрээнийхэн зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн хөгжилд инваци чухал болохыг ухаарч ойлгож эхэлсэн явдал нь түүний таатай хөрс болох учиртай.
Бидний амьдарч буй хоёр зууны заагийг инвацийн эрин үеийн эхлэлийн дуусах үе гэж хэлж болно.
Орчин цагийн эдийн засагт инвацийн зарчмын шинж чанартай онцлогийг дараах байдлаар ангилж болно. Нэгд, мэдлэг эд баялаг болоход зөвхөн технологийн судалгаа , боловсруулалт чухал гэвэл өрөөсгөл болно. Зах зээлийн байдал төлөв , өрсөлдөгч болон хамтрагчдын шинж чанар зэрэг мэдээлэл, инваци маш чухал. Хоёрт, эдийн засаг дахь шинжлэх ухааны багцаанд л инваци чухал гэж ойлгож болохгүй юм. Дэлхийн тэргүүлэх байр суурьтай орнуудын байдлыг ажиглахад инваци үйлдвэрлэл үйлчилгээний бүх салбарт , үүний дотор удирдлагын хүрээнд эрчимтэй өрнөж эхлээд байна. Гуравт, суурь судалгааг шууд эд баялаг болгох шугаман зам гэж байхгүй. Суурь судалгаанаас эд баялаг хүртэлх орон зай, цаг хугацааны хүрээнд инвацийн бүхэл бүтэн систем үйлчилнэ. Дөрөвт, инвацийн үйл явцын хурдац сүүлийн үед эрс түргэсч байна. Уг түргэсэлтийг идэвхжүүлснээр өрсөлдөөнд ялах магадлал өсөх болно. Тавд, инваци улам бүр даяаршиж байна. Тиймд мэдлэгт тулгуурласан эдийг орчин үед хамгийн даяаршсан ойлголт гэж үзэх нь зөв.
Сэтгэх чадвар сайтай менежерээр удирдуулсан ферм богино хугацаанд өсөн торниж, өндөр ашиг орлоготой байж, зах зээлд байр суурь эзлэхийн тулд шинжлэх ухааны ололт, шинэ технологийн хойноос хөөцөлдөх болсон байна.
Биотехнологийн ололтод түшиглэн эдийн засгийн өндөр үр ашигтай хөгжил дэвшилд хүрэх суурь дэвсгэр манайд бий. Аж ахуй үйлчилгээний мизо түвшинд буюу мал аж ахуй, газар тариалн, хүнсний салбар эрүүлийг хамгаалах болон байгаль орчны хүрээнд шинэ ололтуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Хүний нөөц ч бий. Айраг эсгэх, тараг бүрэхээс эхлээд бид өөрсдөө ухаардаггүй. Болохоос жижиг ч гэсэн технолгийн уламжлал байгаа гэж хэлж болно.
Дэлхийд эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэх зохион байгуулалтын суурь тавигдаж эхэлснээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Инвацийн үйл явц шинжлэх ухааны парк байгуулах замаар хэрэгжиж эхэллээ. Мэдээжийн хэрэг цоо шинэ зүйл шууд эерэг үр дүн өгөөгүй. Онох, алдах, итгэх үгүйсгэхийн аль алинийг хослуулж иржээ.
Анх 1950-иад онд АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын их сургууль өөрийн мэдэлд байгаа хэрнээ эзэмшдэггүй байсан талбайг ойжуулж зүлэгжүүлж , зам харгуй байгуулж, тохижуулан анхны паркыг байгуулсан. Үүнийгээ өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлдэг бие даасан жижиг фермерүүдэд түрээслэн ашиглуулахын зэрэгцээ тэдэнтэй нягт хамтран ажиллаж эхэлснээр өнөө үед дэлхий дахинд өргөн түгэн дэлгэрч, шинэ хөгжил дэвшлийн үндэс суурь болж байгаа үйл явцын эхлэл тавигдсан түүхтэй. Гэхдээ уг паркийг анхлан байгуулахдаа бодож төлөвлөсөн зүйлс бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэхэд 30 гаруй жил шаардагдсан байна.
Нэр томъёоны тухайд судалгаа шинжилгээний парк, үйлдвэрлэл технологийн парк гэсэн гурван ойлголт бий. Судалгаа шинжилгээний парк гэдэг нь АНУ-аас, шинжлэх ухааны парк гэдэг нь Европоос, тэр дундаа Англиас, үйлдвэрлэл технологийн парк гэдэг нь Оросоос эхтэй. Гэвч эдгээр нь үйл ажиллагааны зорилго, зохион байгуулалтын бүтэц, ажиллах горим журам нь адил, нэг төрлийн эд юм.
1980-аад оноос хойш Ази тив, Латин Америк болон хөгжиж байгаа орнуудад шинжлэх ухааны парк олноор байгуулагдах болсон. Шинжлэх ухааны паркийг олноор байгуулан, үр дүнд хүрч байгаа орны тоонд АНУ, Европын холбооны орнуудаас гадна Канад, Сингапур, Малайз, Австрали, Хятад, Бразил, Энэтхэг, Тайланд, Япон багтана. Сүүлийн үед Финланд, Эстон улс энэ чиглэлд тэргүүлэх байранд орох хэмжээнд хүртэл үр дүнд хүрч байна.
ОХУ-д 1980 оноос хойш шинжлэх ухааны паркуудыг олноор байгуулж, тооны хувьд дэлхийд тавдугаарт орох хэмжээнд очсон боловч чанар чансааны хувьд тун хангалтгүй байгаа гэнэ.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улсуудын хувьд шинжлэх ухаан нь бизнесийн хүрээнээс хэт хол хөндий , академик шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, боловсролын сектор нь бизнес, шинжлэх ухааны аль алинтай нь холбогдохгүйгээр бие даасан байдалтайгаар явж ирсэн. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаан, технологийн шинэ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь төлөвлөгөөт үзүүлэлтийг тоогоор хангахад ямар нэг хэмжээгээр саад учруулдаг болохоор бизнесийн хүрээний удирдагчид энэ хоёрын аль алинаас нь жийрхдэг байсан. Систем нь ийм байсан болохоор инвацийн тухай ярих нь утгагүй зүйл байсан юм.
Эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэхэд саад учруулж буй гол бэрхшээл нь хуучин системийн үлдэгдэл, түүний хаялгууд. Шинжлэх ухааны байгууллагууд академик чанараасаа салж чадаагүй. Бизнесийн байгууллагууд эрсдэлээс айгаад , шинжлэх ухааны ололт, шинэ технолгийг нэвтрүүлэхэд зориглохгүй байна. Боловсролын салбар шилжилтийн гэх үедээ яваа тул инвацийн шаардлагын хэмжээнд хүрч амжаагүй. Монголын хувьд энэ чухал салбар олон жилийн турш янз бүрийн бүтэл муутай туршилтад нэрвэгдэн будилсаар өнөөг хүрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
Хүн төрөлхтний хөгжлийн хурд улам бүр нэмэгдсээр байна. Механикийн эрин үе эхэлснээс хойш 350 гаруй жил болж байж , түүний бүтээгдэхүүн ердийн хэрэглээ болох түвшинд хүрсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн зууны дунд үеэс эхэлсэн физик химийн буюу мэдээлэл холбооны эрин 60 орчим жил хөгжөөд одоо шинэ зүйл байхаа нэгэнт больж, ердийн хэрэглээ болон хувираад байна. Дараагийн ээлжит эринг ихэнх эрдэмтэн биотехнологийн буюу эсийн эрин гэж нэрлэж байгаа. 30 орчим жил үргэлжлэх байх гэсэн таамаг бий. Тиймд манай мэтийн хоцрогдсон орон өөрийн инвацийн системийг яаралтай бүрдүүлэхгүй бол дахиад л дэлхий ертөнцийн хоцрогдсон улс хэвээр үлдэх болно.
Инвацийн үйл явцын ач холбогдлыг хүмүүст тайлбарлан ойлгуулж , сэтгэлгээний хоцрогдлыг даван туулна гэдэг асар том зорилт. Хүмүүст итгэл үнэмшил төрөхгүй бол болгоомжлон цаг алдах, эргэлзэж тээнэгэлзсэнээс бололцоотой нөөцийг эргэлтэд оруулж чадахгүйгээс алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлэх зэрэг өдий төдий сөрөг үр дагавартай.
Инвацийн төсөл хичнээн сайн боловсрогдсон байлаа ч гэсэн эрсдэлтэй. Иймд зээл, хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрээ тэнд өгч байсанд орвол Эрээнээс бараа зөөх, барьцаатайгаар нь орон сууц худалдан авсан нь найдвартай гэж банк, санхүүгийн хүмүүс боддог бололтой. Энэ бол болгоомжлол биш, ердийн л хоцрогдол.
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа