REVOL MUSIC RECORDS

Wednesday, May 13, 2009

Суутны сэтгэлгээний арван арга


Намайг жаахан хүү, сургуулийн сурагч байхад би яаж ч хичээгээд хариуг нь олж чаддаггүй хэдэн зовлонтой асуултууд байдаг сан. Гэтэл багш нар маань тэдгээр асуултын хариуг олоход надад туслахгүй мөртлөө намайг анхаарал чинь төвлөрөхгүй байна, тэнэг юм шиг ерөөсөө юм хийхгүй байна” гэх мэтээр л хэлдэг байлаа. Тэр зовлонтой асуултууд дунд:
Яагаад газарзүй, түүх, англи хэл, байгалийн
шинжлэл гэх мэт хичээлүүд биеийн тамир, зураг, хөгжмийн хичээлээс чухал гэгддэг юм бол?
Яагаад хөвгүүд бид “мундаг” гэж тооцдог хүүхдүүдийг багш нар маань болохоор “хөнгөн”, “хийсгэн”, “сахилгагүй” гэх мэтээр үнэлж, харин хөвгүүд бид нарт тэнэг санагддаг хүүхдүүдэд онц тавьж, магтан мандуулдаг юм бол?
Яагаад надаас бага мэдлэгтэй хүүхдүүд үл ойлгогдох шалтгаанаар надаас өндөр оноо, дүн авчихсан байдаг юм бол?
Бас яагаад заримдаа би нэлээд өндөр оноо авчихсан байхад надаас илүү мэдлэгтэй чадвартай хүүхэд бага оноо авчихсан байдаг юм бол? зэрэг асуултууд байсан юм.
Харин багш нар маань миний тухай:
залхуу
хоосон мөрөөдөх дуртай
анхаарлын төвлөрөл сул
уран сайхны авъяас огт заяагаагүй нь илт хүүхэд
ангид муу нөлөө үзүүлдэг
биеийн тамирын хичээлд сонирхолгүй
түүхийн хичээлд дэндүү муу, сонирхол ч байхгүй, авъяас ч байхгүй
дээд сурьгуульд орж цагаа үрэх хэрэггүй
уг нь илүү үр дүнд хүрэх далд чадвартай”
гэх зэргээр тодорхойлсон.
Магадгүй, таныг ч бас ингэж дүгнэж байсан л биз. Яваандаа хариу нь олддоггүй миний зовлонт асуултууд гурван гол асуудал болж ирсэн юм.
1.Тухайн хүний ухаантай эсэхийг ер нь хэн мэдэх юм бэ?
2.Ер нь “ухаан” гэдгийг хэн тодорхойлж чадах юм бэ?
3.Оюуны хөгжлийн”IQ” түвшнээ дээшлүүлэх боломжтой юу, эсвэл хүн заяасан ухаанаараа л амьдардаг юмуу?
Ингээд би өөрийн амьдралын нэгэн гол зорилгыг эдгээр гурван асуултын хариуг олоход зориулсан юм. Оюуны чадварыг судлах, яаж хөгждөгийг нь мэдэх болон бидний интеллект /оюун ухаан, авъяас чадвар/ чадварыг хөгжүүлэхэд тусалдаг Оюуны карт зохиох зарчмуудыг боловсруулахад 30 жил зориулсан.
Таны дотоод сэтгэлийн гүнд далд “зүүрмэглэн”, танаас дуудлага ирж сэрээхийг хүлээн байгаа оюуны олон чадваруудаа сэрээгээрэй!
Хүний оюун ухааны тухай бидний мэдлэгийн хөгжиж ирсэн түүх бол тун гайхалтай. Шилдэг сэтгэгчид “Ямар хүчин зүйл биднийг амьдрахыг албадаж байдаг вэ?” , “Чухам ямар хүчин зүйл ухаантай болгодог вэ?” гэсэн асуултуудад хариу эрсээр ирсэн бөгөөд сонирхолтой нь оюуны хөгжлийг коэффицент илтгэцүүрээр хэмжих санаа бүр 100 гаруй жилийн өмнөөс үүсчээ. Судлаачид “Хүний оюун ухаан олон төрөл хэлбэртэй байдаг бөгөөд зөв хөгжүүлж чадвал тэдгээрийн нэг бүр нь бусадтайгаа тохирч ажилладаг” гэдгийг ойлгосон.
Жинхэнэ ухаалаг хүн бол хүрээлэн байгаа бодит орчны янз бүрийн тохиолдолд үүсдэг асуудлуудыг шийдэхийн тулд оюун ухаанаа ашиглаж чаддаг хүн юм. Жинхэнэ оюун ухаан бол спортоор хичээллэх, бусад хүмүүстэй харьцах, сексээс таашаал авах зэрэг бидний амьдралын аль ч нөхцөлд бүх боломжоо ашиглахад илэрдэг. Хэрэг дээрээ бол бид бүхий л амьдралынхаа турш ухаалаг болсоор л байдаг.
Танд байгаа 10 интелект чадвар нь Бүтээлч, Сэтгэл хөдлөлийн болон оюуны хөгжлийн итгэлцүүрт хамрагдах Уламжлалт интеллектүүд гэсэн гурван ангилалд хуваагддаг.

1. Бүтээлч болон Сэтгэл хөдлөлийн интелектүүд

1. Өөрийгөө бий болго- таны Бүтээлч интелект
Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Харин одоо бол энэ авъяас бэлгийг хэвийн эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдгийг бид мэдэж авлаа. Хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.
Тодорхойлолт:
Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд шаардлага гарвал “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:
Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.
Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх төны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.
Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанруудыг агуулсан хүнийг олон бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч хэрэг
дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн
өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.
Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэж, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.
Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд ихэнхдээ эрх баригчидтай санал нийлдэггүй. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Та энэ бүлгээс өөр юу мэдэж авч болох вэ?
Таныг оюун ухааны дасгал хийж байх үед бүтээлчээр сэтгэх таны чадвар улам өргөснө. Хэдэн минутын дотор та зураг зурж /муугүй зураач болохоо та олзуурхан мэдэх болно/, яаж хошин шог яриа зохиохыг сурч, таны бүтээлч чадварын шандасыг чанга бат байлгахад туслах дасгалууд өгнө.
Та үүнийг мэдэх үү?
Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна.

Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог.
Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм.

Бүтээлч интеллектийн од болсон хүн

Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!
Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж.
Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.
Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ
Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв.
Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм.
Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв.
Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж, бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирдаг хүн юм.

Та үүнийг мэдэх үү?
Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг, 1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.

Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.
Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.
Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд
Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.
1. Мэдрэмжээ хөгжүүлэх
Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.
2. Шинжлэх ухааны урлагийг судлах
Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.
3. Урлагийн шинжлэх ухааныг судлах
Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.
4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах
Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.
Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.
Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.
Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй аж.
Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.
Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа