МАХН асуудалд хэтэрхий хойрго хандаж, шийдвэр гаргах түвшинд дэндүү удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед их гарах боллоо. Ардчилал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн тэр үед Монголчууд гар утас, компьютертэй танилцаж орчин үеийн техник, технологийн нэг загварыг хэрэглэж сурсан. Гэтэл одоо дэлхийн улс орнуудын улс төр болон геополитикийн бодлогоос эхлээд энгийн иргэнийх нь өдөр тутмын хэрэглээг зохицуулах гол хүч нь техник болж. XVIII зуунд амьдарч байсан хүний амьдралынхаа турш авч байсан мэдээллийг "New York Times " сонины ганцхан долоо хоногийн дугаарт багтаан гаргадаг болсон мэдээллийн хурд, хүчний эрин зуунд хүн төрөлхтөн амьдарч байна. Өртөө дамжин хэдэн өдрийн дараа эзэндээ хүрдэг байсан захидал, цахилгаан өнөөдөр интернэтээр дамжин секундын дотор очдог боллоо. Хэдэн мянган бээрийн алсаас ар гэр, албаны ажлаа зохицуулж болохуйц хэмжээнд хүртлээ техник хөгжсөөр л...
Техник, технологийн энэхүү дэвшлийг дагаад дэлхийн цаг ч хурдан урагшилж, хүмүүс тэрхүү цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдарч байна. Харин энэ цаг мөчид Монголчууд хаана нь зогсч байна вэ. Хурдтай урагшлах дэлхийн цагтай зэрэгцэн алхаж чадаж байгаа болов уу гэдгийг бодож үзэх болсон мэт санагдана. Тэр ч утгаараа эрх баригчдын үйл ажиллагааг оцон шувууны удаан байдалтай зүйрлэх хүн цөөнгүй байх юм.
Дэлхийн бусад улс орны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж Монголчуудад бий гэдгийг зөвхөн манай улстөрч, эдийн засагч, судлаачид биш гадныхан ч батлан хэлдэг. Гэтэл төр, засгийн эрхэнд буй манай улстөрчид ямар нэг асуудал хэлэлцэх болохоор л мэдэх чадахгүйн зовлон тоочин суудаг "моодтой” боллоо. Нэлээд хэдэн жилийн өмнө "Моод Монголоор дуусна" гэж ярьдаг байсан нь өөрчлөгдөж Монголчууд дэлхийн цагтай зэрэгцэн амьдрах болсон хэмээн онгирч эхэлсэн ч энэ нь эндүүрэл байж. Үүний гол буруутан нь эрх баригч намынхан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Одоогийн парламентын үйл ажиллагаа эхлээд хагас жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч эдийн засгийн хямралын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй, Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээгээ ч баталж амжаагүй л сууж байгаа нь харамсалтай хэрэг юм. Саяхан УИХ-ын гишүүн З.Алтай бие даагчийн хувьд парламентад суудалтай хоёр намын байдлыг ажигласан бололтой "МАХН хэтэрхий удаан байна" хэмээн хэлсэн байв. Ер нь АН-ынхан шаардлагатай, чухал гэж үзсэн асуудалдаа бүргэдийн хурдаар ажилладаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Ганц жишээ хэлэхэд, саяхан АН-ын гишүүд Баянмонгол корпорацийн тухай хуулийн төсөл санаачлан дэлгэрэнгүй танилцуулсан. Тэд хувьцаа хэлбэрээр иргэддээ хувь хүртээх боломжтой гэсэн тооцоо хийснээ тайлбарласан. Гэтэл МАХН "Эх орны хишиг"-ээ ярьж хамт хэлэлцэнэ гээд хойшлуулчихаж байгаа нь сурсан зангаа гаргаж буй хэрэг. Ямар нэг чухал зүйл шийдвэрлэх болохоор л үүнийг ч судална, түүнийг ч тооцно, тэрийг ч хамт хэлэлцэнэ гэж "шалтагладаг" нь МАХН-ынхны гэм биш зан.
Ядаж байхад МАХН-ын дотоод шинэчлэлийн асуудал дээд, доод түвшиндөө яригдах болсон. Бас хариуцлагын асуудал ч тавигдаж байна. Ингээд оцон шувууны явдлаар асуудалд ханддаг МАХН-д хөл, жигүүр ургаад эхлэхээр үндсэн бодлого гээч нь алдагдаж, бужигнаж эхэллээ. Гэхдээ МАХН өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн хашин бодлогоосоо салахгүй юм бол хичнээн жигүүрлэж далавч ургаад ч бүргэд шиг нисч чадахгүй л болов уу. Ер нь МАХН-ынхан шинэчлэл гэдгээ хэрхэн ойлгож байгаагаас их зүйл хамаарна. Одоогийнх шигээ ажил, албан тушаалгүй үлдсэн хэд нь шинэчлэл хийнэ гэж ярьж гүйж байгаад ямар нэг албан тушаалд томилогдохоороо дуугарахаа больчихоод байвал МАХН хэзээ ч шинэчлэгдэхгүй л болов уу. Пингвинд хичнээн далавч ургаж, жигүүрлээд ч нисэхгүй гэдгийг ер нь бол энэ намынхан ойлгохгүй байх шиг, Тэгэхээр эхний ээлжинд албан тушаал хөөцөлдөж шинэчлэл ярьдаг нөхдөөсөө салж чадвал энд тэндгүй дэвэх болсон өд жигүүр нь хумигдана. Тиймээс төр, засгийн эрхэнд байгаа МАХН засахгүй бол Монгол Улс хөгжингүй орнуудтай өрсөлдөх нь бүү хэл хэт буурай орнуудын жагсаалтад ч орж магадгүй л юм.
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа