REVOL MUSIC RECORDS

Tuesday, June 09, 2009

Ятгах урлагт


Монгол хэлний ятгах гэдэг үгийг тайлбар тольд:

1.Бусдад юмны учир начир, хор холбогдлыг ухуулан өгөх
2. Хүнийг буруу мууд удирдан дагуулахыг хэлнэ хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ үгийн утга учрыг өнөө үед илүү өргөн дэлгэр сайн сайхнаар тайлбарлах, хэрэглэх боллоо. Бидний энэ сэдэв чухам энэ үгээр тайлбарлах хүмүүсийн харилцааны нэгэн чухал хэсгийг хөндөж байна.

Ятгаж сэнхрүүлэх нь өөрийн санаа бодлоо бусдад тулган зөвшөөрүүлэх биш, харин өөр бусадтай санаа бодлоо нэгтгэх нэгдмэл шийдвэрт хүрэх гэсэн үйл юм.
Өнөө үед мэдээ мэдээллийн өргөн боломж бий болсон нь хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж шатлан захирах ёс суларч байна. Энэ нь ажиллагсад юуг хийхээ бус яагаад хийхээ асууна гэсэн үг. Энэ яагаад гэдэг асуултанд хариу өгч чадаж байвал ятгаж чадаж байна гэсэн үг юм.
Гэтэл зарим хүн үүнийг буруу ойлгодог. Ятгах нь боломжтой мөртлөө нэгдэж чадахгүй байгаа олон санаа бодлыг нэгтгэнэ гэсэн үг. Гэхдээ гуйж юмуу хуурч биш, хүчээр ч биш. Маш сайн боловсруулсан яриа, ухуулга үнэнийг илэрхийлэх баримт баталгаа, зураг схем сэлтийг түшиглэн үнэн зөв оновчтой, яруу, тухайн цаг нөхцөл, хүмүүсийн сэтгэл санааны байдлыг харгалзан ярих хэрэгтэй. Сэнхрүүлэн ярихдаа ерөнхий 3 үе шатаар ярьж болно. Ингэснээр ятгах нь нэгэн сургалтын үйл явц болно.
1. Санаа сэдвээ олох, нээх
2. Ятгах бэлтгэл хийх
3. Харилцан ярилцах

Юуны түрүүнд ятгах гэж буй хүн өөрийг нь сонсох хүмүүс болон ятгах сэдвийнхээ талаар нэлээд өргөн судалгаа төлөвлөгөө хийсэн байх хэрэгтэй. Хүмүүст ятган тайлбарлахынхаа өмнө сэдвээ өөрийн болгох ёстой.
Харилцан ярианы үеэр хүмүүсийн санаа бодол, болгоомжлол, төлөвлөгөөг нь мэдэж авч болно. Хамгийн чухал нь, тухайн зүйлийн сайн талуудыг нь ярилцаж, маргаж, дараа нь нэгдмэл нэг арга замд (шийдвэрт) хүргэх юмуу эсвэл янз бүрийн хувилбар, арга замыг олоход нь чиглүүлж чадах явдал юм. Үүний үр дүнд хүмүүс нэгдмэл нэг арга замд хүрч чадна. Энэ байдал нь бусад хүмүүсийг нэг зүгт харуулна.

Ятгах үйл явцын хэлбэрүүд
Амжилттай ятгахад дараах нөхцөл хэлбэрүүд хэрэгтэй.
1. Итгэл олох
2. Бага боловч санаа нийлэх
3. Бодит жишээ харуулах
4. Хүмүүсийн сэтгэл зүйд нэвтрэх.

1. Итгэл олох
Итгэл олох нь ятгах урлагийн гол тулгуур юм. Итгэл төрүүлээгүй цагт танийг хэзээ ч хэн ч тоохгүй. Судалгаагаар зарим дарга захирал нар өөртөө нэлээд итгэлтэй, үүнийгээ хэтрүүлдэг зуршилтай болох нь харагджээ.
Итгэл төрүүлэх 2 үндэс байна:
1. Мэргэшсэн байдал: Баттай шийдвэр болон найдвартай саналын эх үндэс нь мэргэшсэн байдлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл та зөв санааг арван хуруу шигээ мэдэж байх хэрэгтэй.

2. Харилцаа: Итгэл хүлээсэн хүн нь бусдын эрх ашгийн төлөө санаа зовниж, тэдэнд эрх ашгаа хамгаалахад нь найдаж болохоор хүн мөн гэдгээ харуулах хэрэгтэй. Үнэнч шударга, тууштай итгэлтэй хүмүүс нь ятгах сэнхрүүлэхэд дээр нэлээд амжилт гаргана.
Гэхдээ мэргэшсэн байдал болон харилцаа нь хэр түвшинд байгаа нь их нөлөөтэй. Мэргэшихийг хүссэн хүн доорх 2 асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй:
- Санал болгож буй энэхүү стратеги, бараа, санал ба өөрчлөлтийн талаар хуримтлуулсан мэдлэг мэдээллийг маань хүмүүс хэрхэн хүлээж авах бол?
- Энэ талаар надад, хүмүүсийн мэддэг, тэдэнд танил болсон амжилт байгаа билүү?

Дараа нь хүмүүст хэр их итгэл төрүүлдгээ мэдэхийн тулд өөрөөсөө доорх асуултыг асуугаарай:
- Ятгах гэж байгаа хүмүүс намайг үнэхээр өөрсдөд нь ашигтай зүйл хийхээр, тэднийг дэмжихээр итгэлтэй хүн гэж боддог уу?
- Энэ сэдвээр намайг өөрсөдтэй нь сэтгэл болон үзэл санааны хувьд тохирно гэж үзэж байна уу?

Эдгээр асуултууд таныг сул талаа олоход тусална. Гэхдээ эдгээр асуултанд зөвхөн өөрөө биш дотно байдаг хамтран ажилладаг найзаараа ч хариулуулж болно.
Мэргэшсэн байдлыг сайн эзэмшиж чадаагүй хүмүүс доорх зүйлсийг хийх хэрэгтэй.

* Өөрийн итгэж буй тэр сэдвийнхээ талаар мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж судлах хэрэгтэй.
* Өөрийн дадлага туршлагатай бол.
* Мэргэжлийн зөвлөхөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн компанийхаа мэргэжилтнүүдээс ч зөвлөгөө авч болно.
* Гадаадын хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоог ашиглаж болно. Шинэ зүйл бодож олоод түүнийгээ туршиж үзэх хэрэгтэй. Харин харилцааны талаар дулимаг байгаа хүмүүс эдгээрийг хийх хэрэгтэй:
* Ятгах гэж байгаа бүх хүмүүстэйгээ ганцаарчлан уулзах нь маш чухал юм. Таны ятгах гэж байгаа хүмүүстэй сайн харилцаатай, тантай адил боддог, таныг дэмждэг ажлын газрын найзыгаа ч гэсэн энэ ажилдаа хамруулах хэрэгтэй.

2. Бага боловч санаа нийлэх зүйл олох
Та хүмүүст хэчнээн итгэл төрүүлсэн байлаа ч гэсэн тэдэнд бусад талаараа нөлөөлөхүйц байдалтай байх нь чухал. Энд хамгийн гол зүйл нь тантай юун дээр санаа нийлэх вэ гэдгийг олох.
Заримдаа үүнийг олох нь хялбар биш. Ийм үед ятгах чадвар сайтай хүмүүс өөр арга сонгодог. Яагаад гэвэл хамгийн чухал нь санаа нийлэх зүйл олох юм. Тиймээс эдгээр хүмүүсийг сайн таньж мэдэх хэрэгтэй.
Ятгах чадвар сайтай хүмүүс нь эсрэг талын хүний бүхий л юмыг нь ёстой л нэг ба бээгүй судалсан байдаг. Тиймээс ч ятгах гэж байгаа хүмүүстээ тохирсон таатай орчинг бэлдэж өгнө.

3. Бодит жишээ харуулах
Судалгаанаас харахад сайн ятгагч нарын хамгийн гол чадвар нь ярих аливаа хэлний яруу хэрэглүүрийг жишээ татах, адилтгах, харьцуулах, жиших гээд л олон талаар ашигладаг. Мөн судалгаанаас харахад ямар нэг тоон дүн, баримт их нөлөөлдөг байна.

4. Хүмүүсийн сэтгэл зүйд нэвтрэх
Хүмүүс ажил хэргийн холбогдолтой шийдвэр гаргахдаа ухаанаараа тунгаан бодож шийдвэр гаргадаг байх гэж бид боддог. Гэвч энэ шийдвэрээ гаргахдаа сэтгэл хөдлөлөө ч тусгасан байдаг. Сайн ятгадаг хүмүүс ч үүнийг мэддэг. Ятгаж байхдаа: сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган, ямар ч сэдэв байсан хамаагүйгээр сонсогчдийн хүлээж авах чадвар болон нөхцөл байдалд зохицуулж тохируулна.
Ямар ч ятгалт сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр амжилттай болохгүй. Харин сэтгэлийн хөдөлгөөнийг дэндүү ихээр ил гаргах нь ажлын тань үр дүнг багасгаж магадгүй.
Ятгах нь итгүүлж зөвшөөрүүлэх биш, сурах ярилцах юм гэдгийг ойлгох нь хамгийн чухал нь юм. Судалгаанаас харахад ихэнх удирдагчид ятгахдаа маруухан байдаг. Тэдний алдааг тодорхойлбол:

1. Янз бүрийн үзэл санааг хүчээр зөвшөөрүүлэх гэж оролдох.
2. Заавал тохиролцоонд хүрэх гэж мэрийх
3. Ятгахыг үнэнийг ил гарган хэлэх мэтээр ойлгоно.
4. Ятгахыг нэг л удаагийн оролдлого мэтээр ойлгоно.

Дүгнэлт:Ятгах нь өөрийн санаа бодлоо бусдад зөвшөөрүүлэх биш, харин өөр бусдаас сурах, нэгдмэл санаа бодлоор шийдвэрт хүрэх үйл явц юм. Ятгах урлагийг буруу хэрэглэсэн тохиолдолд хүмүүст хуурамч амжилт ялалт авчрах бөгөөд зөв хэрэглэвэл хүмүүсийн хооронд сайн харилцаа тогтоон, илүү амжилт гаргах үндэс болно.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа