REVOL MUSIC RECORDS

Tuesday, September 29, 2009

Гурван жилийн дараа бид орчлон ертөнцөд ганцаараа эсэхээ мэдэх нь


Өнгөрсөн долоо хоногт дэлхийтэй адилхан гариг ХАЙХ хамгийн өргөн хүрээтэй эрэл эхэлжээ-

Америкийн сансар суд­лалын төв(NASA)-ийн мэдээлж буйгаар тойрогт замд байр­луулсан “Кеплер” дуран өөрийн үндсэн үүрэг болох алс хол сансрын уудамд дэлхийтэй төстэй гаригийг хайх ажилдаа оржээ. Энэхүү дуранг энэ оны гуравдугаар сарын 7-нд тойрог замд байрлуулсан боловч инженерүүд дурангийн овоо харааг хэвийн болгоход хоёр сар гаруй хугацаа зарцуулсан байна. Одоо тэрээр 1530 километрийн өндөрт байрлаж, 3.5 жилийн хугацаанд Хун болон Лира одны ордны 100 мянга гаруй одыг завсар чөлөөгүй ажиглах аж.

“Манай дуран ус нь шингэн байдалд байхын тулд өөрийн нарнаасаа тохирсон зайнд эргэлдэж байх гаригийг хайна. Энэ нь уг гариг дээр амьдрал байх хамгийн гол үзүүлэлт юм. “Кеплер” хүн төрөлхтний өнөөг хүртэл сонирхож буй асуултад хариулт өгөх болно. Хэрвээ өөр нэгэн соёл иргэншлийг олж чадвал энэ нь хүн төрөлхтний хувьд асар том ололт болно” хэмээн NASA-гийн шинжлэх ухааны программын захирлын туслах Эдвард Веллер энэхүү төслийг дүгнэж байна.

Одоохондоо дандаа аварга одууд л таарч байна

Харь гариг хэмээн хүмүү­сийн нэрлэдэг Нарны сис­темээс гадагш оршин буй гаригууд эртнээс бидний сонирхлыг татаж ирсэн. Хамгийн анхны ийм гаригийг 1995 онд Пегас одны ордны “51” оддын дэргэд нээжээ. Харин одоо ийм гаригийн тоо 347 болоод байна.

Өнгөрсөн зууны 60-аад оны үед өөр одны системийн гаригуудыг ажиглах боломжгүй гэж үзэж байсан. Тэгвэл одоо ийм объектуудыг эрж хайх бүхий л боломж бүрджээ. Харь гариг өөрийн нарыг тойрон эргэлдэхдээ тодорхой үед “Кеплер”-ийн ажиглалтын бүсэд орж ирнэ. Үүнийг дэлхийгээс ажиглаж болох ч сансарт, агаар байхгүй орчинд илүү найдвартай болох аж.

Одоогоор одон орон судлаачид нарны аймгийн аварга гариг Бархасбадиас 4-10 дахин том, хүнд аварга биетүүдийг л илрүүлээд байна. Хэмжээ нь дэлхийн диамет­рээс 11 дахин том гэнэ. “Кеплер” дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гаригийг ажиглах боломжтой аж.


Энд харь гаригийнхан байхгүй гэсэн үг үү

-Аварга том гаригууд дээр амьдрал үүсэх боломжгүй юм уу?

-Одоогоор бид тэгэж л төсөөлж байна. Манай нарны аймгаас ялгаатай нь шинээр нээгдсэн аварга гаригуудын 30 орчим хувь нь нарандаа ойрхон оршиж байна. Ийм гаригуудыг “халуун бархасбадь” гэж нэрлэдэг бөгөөд тэдэн дээр агаар мандал байдаг боловч газрын гадарга дээрээ 1000-1300 хэмийн халуун байдаг. Одод болон гаригуудын соронзон орны харилцан үйлчлэлийн улмаас тэнд байнгын соронзон шуургатай. Ийм газар амьдрал үүсэх үү. Эргэлзэж байна.

-Гэхдээ та дөнгөж 30 хувь нь л нарандаа ойрхон гэсэн шүү дээ?

-Ихэнх гариг дээр байдал бүр ч дор. Тэд нараа хэтэрхий зууван тойрог замаар тойрдог. Тэгэхээр нарандаа ойртох үед “халуун бархасбадь” болж, холдох үед аймшигтай хүйтэрч, хасах 100-200 хэм болно. Ийм нөхцөлийг хэн тэсвэрлэх юм бэ. Лав л дэлхий дээр 1000-1500 хэмийн зөрүүг тэсвэрлэх нэг ч амьд организм байхгүй.

Гэхдээ харь гаригуудын дунд нарандаа хэтэрхий ойрхон биш, дугуй замаар тойрдог “хэвийн” гэж хэлж болох аварга гаригууд бий л дээ. Гэвч тэдэн дээр манай Бархасбадийн нэгэн адил амьдрал олно гэдэг хэцүү. Харин тэдний дагуулууд дээр байж болно. Жишээ нь эрдэмтэд Бархасбадийн сар Европ дээр амьдрал байж магадгүй гэж үздэг.

-Олон одонд ерөөсөө гариг байхгүй гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ “Кеплер” та нарын илрүүл­сэн аварга гаригуудын орчимд дэлхийтэй ойролцоо “бөмбөлөг” олно гэсэн найдлага байгаа юу?

-Боломж маш бага. Манай аймагт бүх гариг нарыг “тогтсон” дугуй замаар тойрдгийн ачаар тэд их, бага ч тогтмол уур амьсгалтай, хоорондоо хэзээ ч мөргөл­дөхгүй. Манайх төстэй өөр одны ордны гариг адилхан дугуй замаар эргэлдэх ёстой. Гэвч тэнд хэтэрхий зууван замаар тойрдог аварга гариг байгаа бол хэдэн сая жилийн дараа “дэлхий”-тэй заавал мөргөлдөнө. Энэ мөргөлтөөр “дэлхий”-гээс юу ч үлдэхгүй. Тэгэхээр одоогоор илрүүлээд байгаа гаригууд амьдрахад тохиромжгүй.

Нарны систем цорын ганц гайхамшиг. Яагаад. Тодорхой биш

-Тэгэхээр алс холын сансар огторгуйд хийж буй хайгуул одоохондоо та бүхнийг зөвхөн сэтгэлээр унагаж байгаа юм байна?

-Харин ч үгүй шүү. Гаригийн системийн бүрдэх онолыг дахин бичих цоо шинэ өгөгдлүүд гарч ирсэн. Жишээ нь, бусад оддын системд аварга гаригууд нь нарандаа ойрхон байрладаг байхад нарны аймагт эсрэгээрээ байгааг хэн ч ойлгохгүй байгаа. Аварга гаригууд нарнаасаа хол үүсээд, дараа нь ойртсон байж болох юм. Гэхдээ энэ үйл явц хэрхэн явагдсан, тэд яагаад нартайгаа мөргөлддөггүй зэрэг нь ойлгомжгүй.

Хоёрдугаарт, өөрийн гэсэн системтэй бүх одод 4-5 тэрбум жилийн өмнө үүссэнийг тогтоосон. Яг л манай нарны аймаг шиг.

Гуравт, оддын хооронд тэнэж явдаг аварга том гаригууд байдгийг бараг нотолсон гэхэд болно. Тэ­гэхээр ийм тэнэмлүүдийн нэг нь манай нарны аймгийг нэвт гараад явахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь замд нь нарны аймгийн аль нэгэн гариг өртөх вий л гэж айж байна.

-Тэгэхээр манай нарны аймаг цорын ганц, гайхам­шиг­тай нь гэж ойлгож болох уу?

-Одоохондоо тийм ээ. Тийм ч учраас одоохондоо цорын ганц оюун ухаант, ер нь амьд биет энэ системд оршин байна. Ойролцоогоор 100 мянган одыг дурандах “Кеплер” энэ асуултад хариулт өгөх ёстой. Түүнээс л мэдээ хүлээе дээ.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа