REVOL MUSIC RECORDS

Tuesday, April 28, 2009

Гольфийн түүх


Гольфийн үүсэл гарал нь домогтой холбоотой. Жирийн нэгэн малчин эр голын эрэг дагуух манхан дээгүүр зугаалж яваад санаандгүй бөөрөнхий чулууг саваа модоороо цохиж туулайн үүрэнд унагажээ. Түүний найз нөхдөд энэхүү шинэ зугаа нь ихээр таалагдаж цуг тоглох болжээ. Яваандаа чулууг гуттаперчен бөмбөгөөр орлуулан, туулайн үүр нь нүх болж, харин саваа модны оронд цохиур хэрэглэх болсон байна.

Гольфийн эх орон гэж олон улс орнууд өөрсдийгөө нэрлэдэг. Жишээлбэл Голландад kolven (мөсөн дээр тоглодог) их алдартай, ромчууд гольфтэй төстэй “паганика” хэмээх тоглоомоор нааддаг байсан бөгөөд шинэ эриний 400 онд Британид энэхүү тоглоом тархжээ. Хятадад манай эриний өмнөх III-II зуунд “гуй ван” гэдэг тоглоом их дэлгэрсэн. Мөн франц, бельгичууд гольфтэй төстэй өөр өөрсдийн онцлогтой тоглоомоор нааддаг байсан.

Тийм хэдий ч сонгодог гольфийн эх орныг Сент-Эндрюс хэмээх шотландийн жижигхэн хотыг гэж тооцдог. Энэхүү хотыг ивээн тэтгэгч Гэгээн Андрейн нэрээр нэрлэсэн. Гэгээн Андрейн бунхан ойролцоогоор зургаан зууны өмнө баригдсан цогчин дуганд байрладаг. Эртний энэ дуганы цонхон дээр гартаа цохиур барьсан хүний дүрс байдаг.

Гольфийн тухай хамгийн анхны бичмэл түүх 1457 оноос эхэлдэг. Яг энэ үед Джеймс хаан цэргүүддээ гольф тоглохыг хориглосон тушаал гаргаж байсан. Учир нь цэргүүд нь өөрсдийн үндсэн үүргээс хөндийрч бэлтгэл сургуулилт хийх ёстой ихэнх цагаа гольф тоглон өнгөрүүлдэг байжээ. Энэхүү хоригийг Шотландийн парламентийн тогтоолд тусгаж өгчээ.

Гольф гэдэг нь маш олон ёс заншил, түүх домгийг нандигнан хадгалсан бүхэл бүтэн соёл юм.

Хамгийн анхны эмэгтэй гольфчин бол шотландийн хатан хаан Мария Стюарт гэж тооцогддог.

Хамгийн ахмад гольф-клуб гэсэн нэр зүүхийн төлөө 1744 оны 3 сард үүсгэн байгуулагдсан “Джентльмен Голферз” (одоо үед “Онорабл Кампани оф Эдинбург Голферз”) болон 1735 онд үүсгэн байгуулагдсан Эдинбургийн “Ройял Бергес Гольфинг Сегайити” нар өрсөлддөг.

1870 онд сэр Дэвид Манкрей, эксвайр Джон Вайт-Мелвин нар хоорондоо хэн нь илүү удаан амьдарсан нь Гэгээн Эндрюгийн гольф-клубт мөнгөн цохиур бэлэглэх болно гэсэн болзолтой мөрий тавьж 13 жилийн дараа ноён Вайт-Мелвин клубт бэлэг барьсан байна. Энэ жилдээ тэрээр клубийн ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч үүрэгт ажилдаа орж чадалгүй нас баржээ. Түүний хөрөг зургийг клубийн тамхи татах өргөөнд хадгалж байдаг.

XX зуунд гольф Саранд хүрсэн. 1971 оны 2 сард “Аполлон-14” сансрын хөлгийн ахмад Алан Шепард хоёр цохиураар хоёр бөмбөг цохисон. 1974 онд Аланы сансарт тоглосон цохиурыг нэгэн музейд бэлэглэсэн байна.

Гольф тоглох нь спортын шинэ төрөл гэхээсээ илүүтэй баялаг ёс заншилтай, ёс журамтай, язгууртны, олон талт соёлын өвөрмөц ертөнцөд хамаарна гэсэн үг юм.

HUMAN CAРITAL сэтгүүл /дугаар 01/


0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа